Та оюун санааны замын хаана нь байна вэ?
Та өөрийгөө бясалгагч хүн гэж бодож байтал замын түгжээнд орох эсвэл хэн нэгэн тантай санал зөрөлдөх үед таны бясалгагч чанар амралтаа авсан мэт санагддаг. Санаа зовох, зовлон, саад тотгор нь гэгээрлийн замд дагаж явах нь тодорхой. Садак (үнэн мөнийг эрэлч)-ийн хувьд та эдгээр саадын хажуугаар нь өнгөрөх ёстой. Үүний тулд юу хийх вэ? Бясалгалаар өөрийн ухаарлаа нэмэгдүүл. Эхний зүйл нь өөрийн сэтгэлийн түвшингээ ажиглах. Энэхүү ажиглалтаар шуурга аль хэдийн намжиж эхэлсэн байдаг. Бүр үүнийг уншиж байх үедээ хүртэл сэтгэлдээ юу болж байгааг ажигла. Юу болж байна? Сэтгэл зөвшөөрч эсвэл үл зөвшөөрнө: “тийм” эсвэл “үгүй” гэж хэлнэ. Оюун санааны зам гэдэг нь өөрийн сэтгэлээ ажиглаж, таны дотор болон эргэн тойронд юу болж байгааг ухаарна гэсэн үг юм.
Өөрийн хязгааргүй төрөлх чанараа сана
Та уйлж болно- гэвч хэрэв мэдлэгтэй бол- та алдсан зүйлээ хараад инээнэ, учир нь таны жижигхэн хэсэг устсан бөгөөд хязгааргүй мөн чанар нь усташгүй юм. Бясалгалыг байнга хйиснээр энэхүү үнэт мэдлэгт ороход тань тусалдаг.
Сэтгэл хөдлөлөө ажигла
Би бол сэтгэлийн хөдөлгөөн биш: тэднийг ажиглаж буй тэр нэгэн юм. Хэдий тийм ч сэтгэл үймрэх үед үүнийгээ амархан мартаж болно. Аз болоход сэтгэл хөдлөл бүр биеийн дотор тодорхой мэдрэмжийг үүсгэдэг. Эдгээр мэдрэмжүүдийг ажиглах үед сэтгэл хөдлөл намжин, сэтгэл цэвэр болдог.
Бодол болон хүслээ сул орхи
Бодлын урсгал үргэлж сэтгэлийг дамжин өнгөрдөг. Гэвч та бодлоосоо зууран авч, тэднийг амархан явахыг нь зөвшөөрөхгүй яг л пянз тоглуулагчийн зүү нэг газраа гацсан мэт болгодог. Бодлуудаа зүгээр л явуул. Тэд таных биш гэдгийг нь мэдэр. Нэг бодол, нэг хүсэлд гацсанаас үүдэж зовлон ирдэг. Бодлууд намжих үед бясалгал тохиодог.
Санаа зоволтоо ажиглахуй
Хэрэв та бясалгагчийн хувьд одоо хүртэл санаа зовсоор л байгаа бол түүнийгээ хялбар болгон, үг нэг бүрийг нь ажигла. Энэ үед та одоо цагт ирж, санаа зоволт үгүй болдог. Жишээ нь “би гар цүнхээ олохгүй байна” гэсэн санаа зоволт сэтгэлд дахин дахин орж ирсээр л байлаа. Тэгвэл тэр бодлын үг бүрийг нь ажиглана: Би. гар. . . цүнхээ. . . олохгүй. . . байна. Дахиад, “гар цүнх, гар цүнх”—гэж олон дахин давт. Та санаа зоволт хэрхэн зогсохыг харах болно. Эсвэл бүр цаашлаад эгшиг, гийгүүлэгчээр нь салгасан ч болно. Та үггүйгээр санаа зовж чадахгүй. Санаа зовж байсан үеэ эргээд нэг харъя. 5 жилийн өмнө та тэр нэг өдөр ямар байснаа зүгээр л сэтгэлдээ нэг бодъё.
- Би ажилд орох болов уу?
- Бие сайжрах болов уу?
- Даалгавраа хийгээгүйн төлөө анги дээр загнуулах болов уу?
Тэр үед энэ нь маш том асуудал байсан боловч, одоо та түүнийг үнэхээр санахгүй байна. Санаа зовох болгондоо та үүнийг шинэ гэж боддог . Одоо байхгүй болсон эсвэл хоцрогдсон санаа зовоож байсан зүйлсээ эргэн нэг харах үед өнөөдрийн санаа зоволт ч гэсэн үеэ өнгөрөөсөн гэдгийг олж мэдэх болно. Та мөнх амьдарна гэсэн таны төөрөгдөл л санаа зоволтыг танаас холдуулдаггүй.
Өөрийн амьдралаа цаг хугацаа болон орон зайд хамааруулж авч үзэх
Таны амьдралын богинохон хугацаа, шалихгүй байдал нь энэ агуу ертөнцтэй харьцуулахад юу ч биш юм. Ертөнцөд олон тэрбум жил өнгөрсөн – амьдралын энэ 50,60,100 жил юу юм бэ? Таны асуудлуудын өчүүхэн байдал нь тодорхой болно. Таны 50,100 кг бие энэ уудам орчлонтой харьцуулахад юу юм бэ? Та энд одоог хүртэл байна гэсэн бодолтойгоор хийж чадах ганц зүйл нь талархалтай байх юм.
Өөрийн махан биеийн тодорхойлолтоос чанагш яв
“Би бол ухамсар, би бол энэ биен доторх энерги, би бие биш, бие ч минийх биш. Миний аав, ээжээр дамжин бие минь ирсэн, энэ дэлхий дээр үлдэх болно.” гэсэн ухааралтай бай. Энэхүү бодит байдлыг мэдэрч ухаарснаар баяр хөөр, аз жаргал ирнэ.
Бусдыг өөртэйгөө адил гэж харах
Зарим шөнө та хөнжилдөө тухлан хэвтэх үедээ энэ дэлхий дээр танаас өөр нэг ч хүн алга гэсэн бодлыг сэтгэлдээ авчир. Бусад хүмүүс яг л далайд хөвж буй хясаа мэт, таны өөрийн үйлийн үр, өнгөрсөн туршлага болгон тэрхүү хясаа руу орж, танд эргэн нөлөөлдөг. Та телевизээр гарч байгаа бөхийн барилдааныг үзэхдээ тухайн 2 бөхийг хоёуланг нь өөрийгөө байна гэж харж чадах уу? Та “Энэ бол миний өөрийн ухамсар, тэр сэтгэлд нэг өөрөөр, энэ сэтгэлд нэг өөрөөр оршиж байна. Энэ бүх ялгаатай сэтгэлүүдэд өөр өөр дүрүүд тоглож байгаа ч эдгээр нь бүгд би юм.” гэж мэдэрч чадах уу? Толинд харсан болжмор тэр дотор өөр болжмор байна гэж итгэн, толийг тасралтгүй тоншсоор цусаараа будаж орхино. Өөртэйгөө тэмцсээр эцэст нь үхдэг. Энэ дэлхий дээр яг л ийм зүйл болж байна. Бид тэмцэлдэх үедээ өөртэйгөө л тэмцэлддэг. Уурлах үедээ өөртөө л уурлаж, өөрийнхөө эрүүл мэндийг муутгаж байна. Тийм биш гэж үү?
Эрэлчид зориулсан оюун санааны дасгалууд
Йог, пранаяама (амьсгалын дасгалууд), бясалгал болон уншлага нь бүгд таны эрхтэн системийг цэвэрлэж, энергижүүлж, цэвэршүүлэхэд тусалдаг. Мөн сэтгэлээ одоо цаг дээр байлгахад тусалдаг. Амар амгаланг хүсэх хүсэл нь таныг тайван биш болгоно. Та хүмүүс эсвэл нөхцөл байдлыг өөрчилснөөр амьдрал эцэст нь амар амгалан болно гэж боддог. Гэвч төгс төгөлдрийг хайсан эрэл нь таныг үймрүүлж орхидог. Та хаашаа ч явсан сэтгэл хамт байна. Тэгээд та хаашаа ч явсан яг адилхан шуурга үүсгэнэ. Хэсэг хугацаанд намжсан мэт харагдавч дараа нь дахиад шинэ газар дэгдэнэ. Үүнийг та ухаараагүй цагт юу ч танд урт хугацаанд тус болохгүй. Өөр ямар ч байнгын шийдэл байхгүй. Тэнгэрлэг таны дээрээс хором бүрт асгаж буй тэр ивээл өршөөл, хайр, баяр жаргалыг мэдэр. Эрэлчийн хувьд өөрийн йог, пранаяама (амьсгалын дасгал), бясалгал, уншлага зэргээ тууштай хийхдээ бат зогсож – өөрийгөө баяр хөөр, амар амгалан юм гэдгээ мэдрээрэй.